Түүхэн товчоо

Түүхэн замнал

      Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургууль нь Монгол улсын боловсролын тогтолцоон дахь ууган дунд сургуулиудын нэг юм. Учир нь Ардын Хатанбаатар С.Магсаржавын санаачлага, МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр 1925 оны 10 дугаар сарын 10-нд Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хөвгүүдийг сургах зургаан жилийн сургалтын хөтөлбөртэй Д.Сүхбаатарын нэрэмжит сургуулийг, мөн БНМАУ-ын Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1937 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 310 тоот тушаалаар Цэргийн ерөнхий сургуульд шилжин орох сурагчдыг бэлтгэх зорилго бүхий Сүхбаатарын сургуулийг тус тус байгуулсан байдаг. Энэ сургуулиуд нь МАХЦ-т үндэсний цэргийн дарга нарыг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн үүсэл хойшид уламжлагдах түүх нь болж өгсөн байна.

      Дэлхийн II дайны үед БНМАУ-ын зүгээс ЗХУ-д туслахын зэрэгцээгээр өөрийн орны батлан хамгаалах хүч чадлыг бүх талаар бэхжүүлэх, юуны өмнө МАХЦ-ийн байлдах чадварыг тасралтгүй дээшлүүлэхийн тулд шаардагдах бүхий л арга хэмжээг авч байв. Энэ хүрээнд төр засгаас МАХЦ-ийн офицеруудыг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой болгоход анхаарч ЗХУ-ын туршлагаар бага наснаас нь цэргийн сургуулиар бэлтгэх зорилт тавьсан байна.

Энэ үүднээс МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1943 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хамтарсан хурлын 64/56 тоот тогтоолоор 1937 онд байгуулагдсан Сүхбаатарын сургуулийг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг тогтоолд “Цэргийн өндөр мэргэжилтэй, хувьсгалт цэргийн бага офицеруудыг бэлтгэх зорилгын дор өнөөгийн Сүхбаатарын нэрэмжит бэлтгэл сургуулийг 1943 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль болгон өөрчилж Цэргийн яамны шууд харьяалалд захируулсугай.  …4 дүгээр анги төгсөгчдийг 1 дүгээр курс буюу 5 дугаар ангид, 5 ба 6 дугаар анги төгсөгчдийг 2 дугаар курс буюу 6 дугаар ангид, 7 дугаар анги төгсөгчдийг 3 дугаар курс буюу 7 дугаар ангид суралцуулахаар” заажээ. Ийнхүү 1925, 1937 онуудад байгуулагдсан Сүхбаатарын нэрэмжит сургуулиудийн залгамж болж Офицерийн сургууль байгуулагдсан байна.

      Офицерийн сургууль 1943-1954 оныг хүртэл 11 жил сургалт хүмүүжлийн ажил явуулахдаа 7 удаагийн төгсөлт хийж анхны төгсөлтөөр 56, хоёрдугаар төгсөлтөөр 50, гуравдугаар төгсөлтөөр 73, дөрөвдүгээр төгсөлтөөр 100, тавдугаар төгсөлтөөр 28, долоодугаар төгсөлтөөр 31  бүгд 386 хүн төгсгөсөн байна.

1950-иад оны эхэн үеэс МАХЦ-ийг цомхотгох үйл явц эхэлсэнтэй холбоотойгоор цэргийн боловсон хүчнийг бэлтгэх эрэлт хэрэгцээ эрс багассан нь Офицерийн сургуулийн ирээдүйд нөлөөлж улмаар МАХН-ын Төв хорооны 1954 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол, Улсыг батлан хамгаалах яамны сайдын 1954 оны 7-р сарын 14-ны өдрийн 82 тоот тушаалаар тус сургуулийг татан буулгасан байдаг.

      Офицерийн сургууль ийнхүү татан буугдсан ч түүхэн хувь заяагаар оногдсон ариун үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах салбарын хүчин чадлыг бэхжүүлэх хийгээд улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан билээ. Үүний тодоос тод баримт нь тус сургуулийн төгсөгчдөөс хөдөлмөрийн баатар 4, ардын цолтон 4, гавьяат цолтон 29, төрийн соёрхолт 6, генерал 8, төрийн сайд 3, орлогч сайд 15, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 2, академич 3, шинжлэх ухааны доктор 6, боловсролын доктор 50, хурандаа 31 тус тус төрөн гарсан төдийгүй өнөөдөр ч олон арван төгсөгчид улс орныхоо төр, олон нийт, хувийн хэвшилийн салбарт ажиллаж хөдөлмөрлөсөөр байгаа билээ.

      Угшил ундарга зөвтэй үйл бүхэн аргалын гал шил үл унтрах жамтайн адил Офицерийн сургуультай хүйн холбоотойгоор Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургууль байгуулагдсан юм. Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Оросын Холбооны улсын Суворовын сургуультай адил төстэй сургууль байгуулах чиглэлийг Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагад өгсөн байна. Үүний дагуу Боловсролын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 20.1-д заасан боловсролын сургалтын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрлийг “…ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн засаг дарга тус тус олгоно”, Дээд боловсролын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 5.2-д заасан “Их сургууль харьяалалдаа дээд сургууль: коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно гэсэн заалтуудыг үндэслэн БХ-ын сайдын 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 79 тоот тушаал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 435-дугаар захирамж гарч Тэмүжин-Өрлөг бүрэн дунд сургууль байгуулагдсан байна. Дунд сургууль байгуулах үйл явц эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдсэнээр 2010-2011 оны хичээлийн жилд сургалт, хүмүүжлийн ажлаа ерөнхий эрдмийн 2 багш, сургалтын менежер, захирал, 30 сурагчидтайгаар эхлүүлсэн байдаг.

Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн анхны захирал, бэлтгэл хурандаа, доктор Санжаадоржийн Наранцогт.

С.Наранцогт 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. 1960-1970 онд Нийслэлийн 10 жилийн 21-р дунд сургууль, 1979-1982 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленины нэрэмжит Цэргийн Улс төрийн Академийг тус тус төгссөн. 1970-1979 онд Хилийн отрядод хилчин, бага дарга, хилийн застав, байлдааны ротын орлогч, захирагч, 1982-1989 онуудад Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны  Цэргийн Дээд Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн дарга, НАХЯ-ны Хилийн ба Дотоодын цэргийн Улс төрийн газрын даргын эвлэлийн ажил эрхэлсэн туслах бөгөөд Эвлэлийн байгууллагын хэлтсийн дарга, 1989-2010 онд Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий Газарт ахлах ажилтан, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт тасаг, хэлтэс, ангийн дарга, 2010-2013 онд Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн анхны захирлаар томилогдон ажиллаж байгаад 2013 онд цэргийн тэтгэвэрт гарсан.

1989-1992 онд Оросын Холбооны Улсын Залуучуудын Их Сургуулийн дэргэдэх аспирантурт суралцаж дэд докторын зэрэг хамгаалсан.

Түүний ажлын амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Хорих байгууллага болон Боловсролын байгууллагын ”Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, улсын болон цэргийн хугацаат одон, ойн медалиудаар шагнасан.

Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Ванчингийн Дашпунцаг

В.Дашпунцаг 1978 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1996 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль, 2000 онд Улсын Багшийн их сургууль, 2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус төгссөн. В.Дашпунцаг нь 2000-2008 онд Батлан хамгаалахын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимд багш, 2008-2013 онд Нийгмийн Хүмүүнлэгийн тэнхимийн дарга, 2013 оноос Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Тэмүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна.
В.Дашпунцаг нь 2002 магистр, 2008 онд докторын зэрэг хамгаалж 2011 онд дэд профессор цол хүртсэн.
Тэрээр Монголын их, дээд сургуулиудын багш нарын холбооны 2008 оны тэргүүний багш, мөн оны БХИС-ийн оны тэргүүний багшаар шалгарч байсан. Түүний ажлын амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2005 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2007 онд НБГ-ын “Арга зүйч багш” цол, тэмдэг, Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн медаль, 2009 онд БСШУЯ-ны хүндэт “Жуух бичиг”, 2010 онд “Эх орны төлөө” III медиаль, 2011 онд Тагнуулын Ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” III медиаль, БХЯ-ны 100 жилийн ойн медаль, 2013 онд ЗХЖШ-ын Байлдааны бэлтгэлийн хэлтэсийн 90 жилийн ойн медалиар шагнасан.

ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд

http://mndu.gov.mn/
http://mes.mndu.gov.mn/

Хаяг

БХИС-ийн харьяа Тэмүжин Өрлөг БДС
БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг

Ажлын цаг
Даваа—Баасан: 8:00AM–5:00PM
Бямба & Ням: Амарна

November 2019
M T W T F S S
« Jun    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930